Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос “УРАМ ХАЙРЛА-3” яруу найргийн наадам болон Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бие даасан, хамтран оролцсон бүтээлүүдээр нь номын үзэсгэлэн гаргаж толилууллаа.
Яруу найрагч Т.Очирхүү нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, хүний их эмч мэргэжилтэй, 1970-аад оны үеэс уран бүтээлээ туурвиж, 1974 онд “Тэнгэрийн хаяаны од” нэртэй, Баяр баярын найраглал, Бидний бахархал, Өвөө Шагдар зэрэг 8 найраглалаас бүрдсэн анхны номоо хэвлүүлж байсан. 1983 онд “Морьтой хүн” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1986 онд “Аргамжааны чулуу” шүлгээрээ Болор цомын эзэн болж байсан байна. Наадмын үеэр түүний шавь Төрийн шагналт, яруу найрагч Х.Чилаажав нь багшийнхаа уран бүтээлийн онцлог, амьдрал түүхийн талаар илтгэл тавьж, үр хүүхэд найз нөхөд нь дурсамж дэлгэлээ.
Тус яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 16 найрагч наадмын тайзнаа шүлгээ уншлаа.
Тэргүүн байр: Яруу найрагч Б.Эрдэнэ-Очир
Дэд байр: Яруу найрагч Б.Буянжаргал
3-р байрт: Залуу яруу найрагч Л.Даваа
4-р байрт: Яруу найрагч Г.Хосбаяр нар шалгарлаа.