Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Азийн Хөгжлийн Банкны “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх судалгааны багийнхныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн Банкны Хүн ба нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэндийн мэргэжилтэн Акихито Ватабэ төслийн талаарх товч танилцуулгыг хийлээ. Төслийн үндсэн зорилго нь эрүүл мэндийн даатгалын системд цахим платформ нэвтрүүлэх, санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн баазыг хөгжүүлэхэд юм.
Энэ үеэр дэд сайд С.Зулпхар нийгмийн хамгааллын болон даатгалын үйлчилгээнд нэвтрүүлж буй цахим систем болон холбогдох эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулан, тулгарч болох сорилтууд болон гарсан давуу талууд, анхаарах зүйлс зэрэг асуудлаар санал солилцов.
Мөн дээрх төслийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах асуудлуудаар хамтрах, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.