Соёлын бүтээлч сар аяны хүрээнд музейн салбарын мэргэжилтнүүдэд зориулан Соёлын яамнаас “Музейн эрх зүйн орчны шинэчлэл” сургалтыг танхим болон цахимын хосолсон хэлбэрээр явуулж, төрийн өмчийн музейн удирдлага, нэгжийн удирдлагууд, аймгийн Соёл урлагийн газрын дарга мэргэжилтэн, аймгийн музейн захирал, албан хаагчид хамрагдлаа.
Тус сургалтаар музейн эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн танилцуулга, Музейн тухай хууль түүнийг дагаж шинээр болон шинэчлэн батлагдсан дүрэм журмууд болон салбар дундын зохицуулалтыг хангасан эрх зүйн баримт бичиг түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар нарийвчлан тодорхой мэдээлэл өгсөн илтгэлүүд тавилаа.
Мөн музейн салбар үүсэж хөгжсөн 100 жилийн ойн босгон дээр салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажил хийгдэж байгаа талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалтад оролцогчдоос баримт бичгийн төсөлд оруулах санал авав. Музейн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд музейн албан хаагчдын эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад чухал үр дүнтэй сургалт боллоо.