Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн VI зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Бразилийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Эдуардо Сабойей нар хамтран даргалав.
Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, тэргүүлэх салбарын талаар ярилцав. Энэ хүрээнд техникийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, уг хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг талууд тэмдэглэв.
Түүнчлэн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессоор соёрхон батлуулах ажлыг хурдлуулахад анхаарч ажиллахаа бразилийн тал илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд манай оюутнуудыг Бразилийн гадаад оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах боломж, бололцооны талаар санал солилцов.
Монгол, Бразилийн Хөдөө аж ахуйн яамд хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцож, улмаар талуудын хооронд хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.