Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагч Др. Курт Кэмпбэлл-тэй 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл 2023 онд батжин өргөжсөнийг харилцан тэмдэглээд, 2024 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлал; Гадаад харилцааны яам, Төрийн департамент хоорондын улс төр болон эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтууд; Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаан; Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт анхдугаар уулзалт болон Нэн чухал эрдэс баялгийн талаарх анхдугаар яриа хэлэлцээ зэрэг олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг онцолж, эдгээрийн үеэр ярилцаж, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зэрэг асуудлаар санал солилцов.