Японы сумо бөхийн холбооноос өнөөдөр ирэх Хаврын тэмцээний банцүкэг зарласан. Манай бөх Хокүсэйхо Э.Даваанинж дээд зиндаанд барилдахаар боллоо. Хокүсэйхо Кокүгикан ордонд багш Хакүхогийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэрээр “Багштайгаа хамт ингээд хэвлэлийн хурал хийгээд сууж байгаадаа маш баяртай байна. 15 жилийн өмнө Хакүхо аваргатай санамсаргүй тааралдаад аваргын үгийг сонсоод сумо бөх барилдаж эхэлж байсан. Дээд зиндаанд түргэн дэвших хүсэл бодолтой барилдаж ирсэн” гэж ярив.
Хокүсэйхо доод гурван зиндаанд өвдөг шороодолгүй 21 дараалан ялж, найман башё барилдаад Жюүрёод дэвшиж байсан юм. Гэвч баруун өвдөгний гэмтлээр Макүшитад эргэн унаж байв. Тэр 2 метр 04 см өндөртэй нь АНУ-ын Акэбоно, Болгарын Котоошюү нартай ижилхэн дээд зиндаанд дэвшсэн хамгийн өндөр шинэ сумочийн амжилт. Гэхдээ одоо ч гэсэн өсөлт нь зогсоогүй байгаа нь гайхалтай. Миягино дэвжээ одоо хуучин Акэбоногийн Азүмазэки дэвжээний байранд нүүж ирээд байгаа билээ.
Хокүсэйхо: “Дээд зиндаанд гарсандаа үнэхээр баяртай байна. Гэхдээ дээр минь өөр олон цол байгаа болохоор бэлтгэлээ сайн хийж, хичээн зүтгэх болно. Гэмтлээр доош унах үед их хэцүү байсан. Акэбоно аваргын унтаж байсан өрөөнд би одоо амьдарч байгаа. Аваргын барилдааны бичлэгийг үзэн, судалдаг. Багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж чадлаа. Энэ жил санякүд дэвших зорилготой. Дээд зиндааны эхний башёдоо юуны өмнө 50 хувийн амжилт үзүүлээд дараа нь арваас дээш давж, тусгай шагнал хүртэх зорилго тавьсан. Ирээдүйн зорилго бол Ёкозүна” гэж ярьсан байна.
Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ