Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтад ашиглах боломжийг бүрдүүллээ.
Энэ хүрээнд туршилтын хөтөлбөрт хамрагдах багш, мэргэжилтнүүдийг сургаж байна.
“Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.
Туршилт-судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Платформыг нэвтрүүлэх ажилд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, ни йслэлийн боловсролын газар, сонгогдсон аймаг дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага, багш нар оролцож байна. Туршилт-судалгааны үр дүнд үндэслэн тус платформыг цаашид ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.