Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
Энэ үеэр Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад харилцаанд баримталж буй “Нэг цонхны бодлого”-ын хэрэгжилтийг хангах, “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулав.
Энэхүү гэрээ нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг бататгах, гадаад харилцааны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны уялдааг хангах, орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.