Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.02.05/ ОХУ-ын Тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтай цахимаар уулзаж, төмөр замын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын Тээврийн сайд В.Савельев нар гарын үсэг зурсан.
Үүний хүрээнд оросын талаас нийлүүлэх 5 зүтгүүрийг 2024 оны эхний хагаст багтаан шуурхай авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
”Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсан 75 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.
Ойн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн 4 дүгээр багийн нутагт байршилтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан, ажилчдын оршин сууж буй 60 айлын байрыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам