Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн гэрчилгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр сургуулийн удирдлагуудад гардуулан өгөв.
Тус сургууль нь 2023 оны 10 дугаар сараас стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд “Бүтээмжийн баг”, “Процессын баг” /20 хүний бүрэлдэхүүнтэй/ байгуулж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ шинээр тодорхойлох, үйл ажиллагааны процессын зураглал гаргах, дүрэм журмыг судлах, шинээр боловсруулах гэх мэт үйл ажиллагааг хийжээ.
Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллаын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт тодорхой, тогтвортой болох, байгууллагын соёлыг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдэх ач холбогдолтой.
Мөн сургалтын чанарт үр дүн боломжийг нэмэгдүүлэх, багш, ажилтны ажлын гүйцэтгэл сайжрах, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхэд хамгааллын бодлого чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудад бодит үр дүн гарах, сургалтын орчин нөхцөл сайжрах, эцэг эхчүүдэд байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлтттэй болох зэрэг сайн үр дүн гардаг ажээ.