Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллалаа.
Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулснаар монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно.
Уг театр нь үйл ажиллагаагаа зөвхөн драмын урлагаар хязгаарлагдахгүй, урлагийн олон талт төрлөөр бүтээл туурвих, бүтээлд суурилсан менежментийн шинэ бодлогоор явуулах юм.
Түүнчлэн, театрын урлагийн хөгжилд өрсөлдөөн бий болгох, алслагдсан дүүргийн болон орон нутгийн хүүхэд, залуучуудад тайзны урлагийг таниулах, улмаар олон улсын наадам, уралдаан зохион байгуулах, өөрийн тайзнаа мэргэжлийн урлагийн бүхий л төрлийн уран бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх тал дээр төлөвлөлт гарган бэлтгэл ажлыг хангаж байна.
“Хүүхэд, залуучуудын театр”-ын барилга нь олон улсын стандартад нийцсэн төдийгүй 850 хүний суудалтай, урлагийн боловсролыг дэмжсэн олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн нөхцөлөөр хангагдсан бүтээн байгуулалт юм.