Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн циркчдийн олимп хэмээн нэрлэгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсыг төлөөлөн “Трүүп Амараа” хамтлаг "Хүннү гүрэн" бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон билээ.
"Хүннү гүрэн" бүтээл нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлсэн нь шинэлэг бөгөөд анхдагч байсан.
1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасныг үнэлэн Засгийн газрын 2008 оны 120-р тогтоолын дагуу 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг "Трүүп Амараа" хамтлагт олгохоор боллоо.
“Трүүп Амараа” хамтлаг "Хүннү гүрэн" бүтээлийг энэхүү холбоосоор зочлон үзэж сонирхоорой.