НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан байгуулсан, нүүдэлчний өв соёлыг агуулсан уулзалтын булангийн албан ёсны нээлтийг хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана нар үг хэлж, чуулганд оролцож буй хүндэт зочид төлөөлөгчид оролцов.
Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь НҮБ-ынхурлын төв байранд нүүдэлчний соёлын өв, хэв шинжийг агуулсан тэр дундаа монгол гэрийн хэв маяг бүхий, тогтвортой байдлыг чухалчилж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигласан, орчин үеийн өнгө төрхтэй уулзалтын булан анх удаа байгуулагдсан нь онцлог болов.
Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд жилд ойролцоогоор 3,000 орчим олон улсын хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд тус хотод НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын 30 гаруй байгууллагын Ази, Номхон далайн салбар төвүүд байрладаг.