Соёлын дэд сайд П.Баттөр 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Масудович Усманов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ харилцан зохион байгуулах талаар санал солилцов. Түүнчлэн хоёр орны түүхийн нийтлэг хэлхээс, нүүдэлчдийн өв, зан заншил дээр тулгуурласан түүх, археологи, соёлын боловсрол, соёлын хөтөлбөр, соёлын аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах нөөц бололцоо байгааг онцлов.
Мөн уулзалтын төгсгөлд Соёлын дэд сайд П.Баттөр 2024 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Нүүдлийн соёл, иргэншлийг олон улсад таниулж, соёлын биет бус өвийг дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, урилга гардуулав.