НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийт 70 айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэж тухайн айл өрхийн зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулна. Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31,43 дугаар хорооны эхний зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: "Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрших энэ өрхөд 3.2 кВт-н хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг угсарч байна. Бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж эрчим хүчийг хэрэглэхэд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрээр сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй айл өрхүүд нэмэлт орлоготой болж байна. Бидэнд ч бас сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар нүүрсний хэрэглээг халж, хүлэмжийн хийг бууруулах боломж бий" хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Т.Гантуяа "Манайх өвлийн улиралд өдөрт зургаан шуудай түлш түлдэг. Сайжруулсан нүүрс үнэргүй ч толгой их өвтгөдөг учраас хүүхдүүдэд сөрөг нөлөө ихтэй гэж боддог. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж, нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилгоор уг төсөлд хамрагдсан" гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС