МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхий дээр хамгийн өндөр түвшний буюу 5 дугаар түвшний соронзон шуурга дэгдэж магадгүй байна. Энэ тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны астрономийн лабораторийн эрхлэгч Сергей Богачев ярилаа.
Сүүлийн гурван хоногийн хугацаанд Нарнаас манай гарагийн зүгт дөрвөн том плазман үүл шидэгдсэн бөгөөд тэдгээр нь замдаа хоорондоо нийлж томорсоор өнөө шөнө Дэлхийн соронзон оронтой мөргөлдөж магадгүй гэдгийг эрдэмтэн хэлсэн байна.
Түүний хэлснээр, соронзон шуурганы дээд хүч G4.33-д хүрэх бөгөөд ингэснээр 2005 оноос хойш анх удаагаа 5 дугаар түвшний шуурга шуурах магадлал 15 хувьд хүрнэ.
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Наран дээр хамгийн дээд X түвшний дэлбэрэлт 6 удаа болсон бөгөөд одоогийн байдлаар идэвхжил нь 10 баллын шатлалаар 9,8 баллтай тэнцүү байна. Ойрын 2-3 хоногтоо дэлбэрэлтийн хүч сулрах ба хүчний хувьд өөр өөр гео соронзон шуурганууд долоо хоногийн эцэс хүртэл Дэлхий дээр үргэлжилж магадгүй гэдгийг Богачев дурдлаа.
Хүчтэй соронзон шуурганы үед толгой өвдөх, сульдаж ядрах, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг хүндрэлүүд илрэх магадлалтай. Учир нь, соронзон орон хэлбэлзэх үед хялгасан судасны цусны эргэлт удааширч, эд эсүүд хүчилтөрөгчөөр дутагддаг гэж эрдэмтэд тайлбарладаг.
Соронзон шуурганы хүчийг 5 түвшинд ангилдаг бөгөөд G1 түвшний шуурга хамгийн сул нь тул цахилгаан хэрэгслийн ажиллагаанд бараг нөлөөлөхгүй. Харин G3 түвшний шуурга нь эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын ба радио холбоог тасалдуулах магадлалтай бол G5 түвшний шуурганы үед эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд томоохон хүндрэл үүсдэг.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү