Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны Зуны буюу Нацү башё өнөөдөр /2023.05.12/ эхэллээ.
Нацү башёгийн эхний өдөр мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Оносато-той учраа тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр ойчиж башёг унаагаар эхлүүллээ.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Атамифүжи /М-1/-тэй таарч барилдан түүнд уватэнаге мэхээр ойчиж 1 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин цолоо алдахад хүрээд байгаа Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Гонояама /М-2/-тай учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр ойчиж 1 унаатай болж башёг амжилтгүй эхлүүлээд байна.
Энэ башёгаас эхлээд аварга цолтой байсан өвөөгийнхөө Котозакура нэрээр барилдахаар болсон Озэки Котоновака, Дайэйшо /М-1/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр уналаа. Маргааш Дайэйшо Их аварга Тэрүнофүжи-тэй барилдана.
Харин энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-9/, Котошохо /М-8/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж Нацү башёг даваагаар эхлүүлж байна.
Жүрёогоос дэвшин барилдаж байгаа Миторюү Б.Төрболд /М-13/, Нишикифүжи /М-12/-тэй учраа таарч барилдан түүнд ошитаоши мэхээр ойчиж, энэ башёг унаагаар эхлүүлээд байна.
Мэргэжлийн сумо бөхийн дээд /Макүүчи/ зиндаанд анх удаа барилдаж байгаа монгол сумоч 27 настай Ошома Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр /М-14/, жүрёогоос хамтдаа дэвшсэн Токихаяате /М-15/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж башёг даваагаар эхлүүллээ.
Энэ өдөр Озэки Такакейшо, Хирадоүми /М-2/-тэй учраа таарч, түүнд ошидаши мэхээр унаж, энэ башёг амжилтгүй эхлүүллээ. Хирадоүми маргааш Озэки Киришима-тай барилдах юм байна.