Бүрэн автомат ажиллагаатай, галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орлоо.
Энэ төв нь Тавантолгойн Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлогдсон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлээд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.
Мөн нийт дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64,000 тонн буюу жилд 20 сая тонн нүүрс бутлах, ангилах, холих, дамжуулахын зэрэгцээ 1 вагонд 60 секундэд ачилт хийх хүчин чадалтай.
Бүрэн автомат энэхүү логистикийн төв ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний бүлэг ордын талбайд ийнхүү түүхэн бүтээн байгуулалт сүндэрлэлээ.