Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг-ийг 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 60 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр талын уулзалт, яриа хэлэлцээний давтамж идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүчин чармайлтад Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй гэдгийг онцолж, Улаанбаатарт болж буй ээлжит уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.