Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батласан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д соёрхон батлахаар заасан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.
Энэхүү конвенц нь хулгайлагдсан эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг олон улсын эрх зүйн баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс конвенцод нэгдэн ороод байна.
“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА-ийн конвенцод Монгол Улс нэгдэн орсноор ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцын зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг нарийвчлан тусгаж өгснөөрөө онцлог юм. Тухайлбал, хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгасан.
Монгол Улс ийнхүү “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенц”-ыг соёрхон баталснаар соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэн эрх зүйн орчин боловсронгуй болж байна.