Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” энэ оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд “Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулсан юм.
Ийнхүү төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн алба хаагчдийн 4 салаа, эмэгтэй алба хаагчдын 8 тасаг, шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд 10 бүлэг, нийт 900 орчим алба хаагч мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж өчигдөр /2024.06.05/ аваргаа шалгаруулав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Цагдаагийн ерөнхийн газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Эрэгтэй салааны байнгын бүрэлдэхүүний “Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний жанжин штаб; “Дэд байр”-т Дотоодын цэргийн штаб, “Гутгаар байр”-т Онцгой байдлын ерөнхий газрын баг, тамирчид;
Эмэгтэй тасгийн “Тэргүүн байр”-т Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Дэд байр”-т Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Гутгаар байр”-т Онцгой байдлын ерөнхий газрын баг, тамирчид;
Хугацаат цэргийн бүрэлдэхүүний “Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний жанжин штаб, “Дэд байр”-т Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн штабын баг, тамирчид тус тус шалгарлаа.
Мөн Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Баасанжав “Шилдэг мэргэн буудагч”-аар шалгарсан юм.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!