Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн менежментийг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр Стандарт, хэмжил зүйн газар, ХасБанк хооронд хамтран ажиллах санамж бичгийг энэ оны 3 дугаар сард байгуулсан.
Энэхүү ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас стандартын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, стандарт хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлах, стандартын хэрэгжилтийг хангуулах, менежментийн тогтолцооны стандартын үр нөлөөг хэрхэн нэмэгдүүлэх, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага, үр дүнтэй хамтын ажиллагаа зэрэг асуудлаар сургалт хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан юм. Тодруулбал, СХЗГ-аас зохион байгуулсан хоёр удаагийн сургалтад нийт 100 аж ахуйн нэгж оролцлоо.
Уг 100 аж ахуйн нэгж газрууд Хасбанкнаас хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-т хамрагдахаар хүсэлт, материал ирүүлснээс 16 аж ахуйн нэгж шалгарч, тэтгэлэгт хамрагдах эрхийн БАТЛАМЖ-аа өнөөдөр гардан авлаа. Ийнхүү байгууллагууд менежментийн зөвлөх үйлчилгээ болон баталгаажуулалтын зардлын 80% хүртэл буюу 15,000,000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдах юм.
Дээрх арга хэмжээний үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй, стандарт хэрэгжүүлэгч байгууллагын тоо нэмэгдэх төдийгүй, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнээ үндэсний хэмжээнд улмаар гадаад зах зээлд таниулах, хүлээн зөвшөөрүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.