ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын /RT/. “Эпл” компани зах зээлийн үнэлгээгээр “Майкрософт” компанийг ардаа орхисноор дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болжээ.
“Майкрософт”-ын хувьд сүүлийн таван сарын хугацаанд анх удаа “Эпл” компанид тэргүүлэх байр сууриа алдлаа. Лхагва гаргийн арилжааны явцад “Эпл”-ийн хувьцаа 4.8 хувиар өсөж, 217.14 ам.долларт хүрснээр компанийн зах зээлийн үнэлгээ 3.33 их наяд ам.доллар болсон байна. Харин “Майкрософт”-ийн зах зээлийн үнэлгээ 3.261 их наяд ам.доллар байсан бол дэлхийн хамгийн үнэ цэнтэй гурав дахь компани болох “Нвидиа”-ийнх 3.089 их наяд ам.долларт хүрчээ.
Хиймэл оюун ухаант функцүүд болон төхөөрөмжүүдийнхээ программ хангамжийн шинэчлэлтийг танилцуулсан өдрийн маргааш буюу мягмар гарагт тус компанийн хувьцаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрч /218.1 ам.доллар/ өссөн байна. Тус компани "ChatGPT" чатботыг "Эпл"-ийн программд нэгтгэхийн тулд "OpenAI"-тай хамтран ажиллахаар болсноо мөн мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал