ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 7-ны хооронд болов.
1996 оноос эхтэй тус наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд манай улсын баг тамирчид тасралтгүй оролцож байна. Энэ удаагийн наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдсөн ба 770 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллав.
Монгол улсаас самбо, кураш, бүстэй барилдаан, шатар, бүжиг, спортын гимнастик, модон барилдаан, диф чөлөөт бөх, хапсагай зэрэг есөн спортын төрлөөр 11 дасгалжуулагчийн удирдлага дор 45 тамирчин өрсөлдөхөд зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 24 орноос 13 дугаар байр эзэлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.