Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх хүрээлэнд Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны их насны морьд Хүй долоон худагт бариандаа орлоо.
Их насанд уралдуулахаар 228 морь бүртгүүлснээс 191 нь тоосоо өргөн хурд, шандасаа сорьсон юм.
Энэ жилийн наадмын Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүү магнайд хурдаллаа.
Харин Аман хүзүүнд, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь,
Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайханы буган халиун морь,
Айргийн дөрөвт, Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хул халзан морь,
Айргийн тавд, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Ц.Даваагийн "битүү" хээр морь тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олон наадамчдаа баярлууллаа.