МАДРИД, 2024 оны наймдугаар сарын 14 /CNN/. “Реал Мадрид” клубийн од, Бразилын хөлбөмбөгч Винисиус Жуниорт Саудын Арабын талаас нэг тэрбум гаруй ам.долларын гэрээ санал болгосон тухай Reuters, ESPN зэрэг хэвлэлүүд мэдээлжээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан Reuters агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын албаны хүмүүс Винисиустай уулзаж, Саудын Арабын мэргэжлийн лигт /SPL/ элсүүлэхийн тулд түүнд улирал бүр 200 сая еврогийн /ойролцоогоор 218 сая ам.доллар/ өртөг бүхий таван жилийн гэрээ болон нэмэлт урамшууллыг санал болгосон байна. CNN Sport суваг энэ талаар тодруулахаар Винисиусын төлөөлөгчид болон SPL лигт ханджээ.
Reuters болон ESPN-ийн мэдээлснээр, уг гэрээнд мөн Саудын Араб улсад 2034 онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний элчээр ажиллах 10 жилийн хугацаатай тусдаа хэлэлцээр багтсан байна. Испанийн нийслэлийг орхин явах уг саналаас Винисиус хараахан татгалзаагүй байгаа бөгөөд багийнхантайгаа зөвлөлдөж байна.
Өдгөө 24 настай Винисиус Бразилын “Фламенго” клубээс 2018 онд “Реал Мадрид”-д шилжин ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус клубийн гол тоглогчдын нэг болоод байгаа юм. Өнгөрсөн улиралд тэрбээр 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 удаа оновчтой дамжуулсан ба реалчууд Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлсэн билээ.
Криштиану Роналду, Неймар, Карим Бензема зэрэг дэлхийн супер од тамирчид одоогоор SPL-д тоглож байгаа хэдий ч Винисиусын хувьд хөлбөмбөгчний замналынх нь онцгой амжилттай жилүүд түүнийг хүлээж байгаа юм. Өнгөрсөн онд франц довтлогч Килиан Мбаппе Саудын Арабын “Аль-Хиляль” клубээс тавьсан 775 сая долларын цалинтай гэрээнээс татгалзсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа.
SPL-ийг үүсгэн байгуулагч дөрвөн баг болох “Аль-Ахли”, “Аль-Иттихад”, “Аль-Хиляль”, “Аль-Наср”-ын хувьцааны дийлэнх хэсгийг Саудын Арабын Нийтийн хөрөнгө оруулалтын сан буюу төрийн баялгийн сан эзэмшдэг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан