ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Билл Хо-той хийсэн энэ уулзалтаар АНУ-ын Хөгжлийн агентлагаас санхүүжүүлэх боломжтой “Уур амьсгалын ухаалаг газар тариалан, мал аж ахуйн арга хэрэгсэл, технологид дасан зохицох замаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх” төслийн талаар санал солилцлоо.
Энэ онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
• Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандартад нийцүүлэн байгуулах ажлыг зохион байгуулах
• Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хянахад чухал ач холбогдолтой ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мөшгөх тогтолцоог бий болгох зорилгоор үхэр сүргийг бүртгэлжүүлэх
• Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, гамшигт үзэгдэлд бэлэн байх чадавхыг бэхжүүлэх, ялангуяа цахим, ухаалаг хөдөө аж ахуйг бий болгох чиглэлээр ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдаад энэ хүрээнд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Бил Хо дээр дурдсан хамтын ажиллагаанд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд энэхүү төслийн хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангахыг тулд 3 арга хэмжээг хэрэгжүүлэх зорилттой байгаагаа хэлсэн юм.