МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 18 /РИА Новости/. Бямба гарагт болсон Леверкузений “Байер”, “Штутгарт” багуудын тоглолт тэнцээгээр дууссан тул ялагчийг торгуулийн цохилтоор тодруулснаар “Байер” баг Германы Супер цомын эзэн боллоо.
Тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд “Штутгарт”-ын Энцо Мийо 15 дахь минутанд, Дениз Ундав 63 дахь минутанд, талбайн эзэд болох байерчуудаас Виктор Бонифасе /11/, Патрик Шик /88/ нар тус тус гоол оруулсан байна. Тоглолтын 37 дахь минутанд гоолын харьцаа 1:1 байх үед “Байер”-ын Мартин Террье талбайгаас хөөгдсөнөөр талбайн эзэд 10-уулаа тоглоход хүрсэн хэдий ч тоглолтыг тэнцээгээр дуусгаж чаджээ.
Тоглолтын үндсэн ба нэмэлт цаг дууссаны дараа торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад леверкузенчүүд 4:3-аар хожсон байна. Ингэснээр “Байер” клуб Германы Супер цомыг анх удаа хүртлээ. 1993 онд тус баг цомын тэмцээний финалд “Вердер” багт хожигдож байсан юм.
Энэ удаад Хаби Алонсогийн удирдлага дор байерчууд гурав дахь цомоо өргөж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд Германы аваргаар шалгарч, Германы цомын эзэн болсон билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү