Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд болон зудын хүндрэлийг даван туулахад бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Цаг агаарын бэрхшээлийн зэрэгцээ цар тахал, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүссэн хил, гааль, тээврийн асуудал, түүнийг дагасан бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт зэрэг нь өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад улам их хүндрэл учруулж байна.
Мал, махны үнэ буурсан, борлуулалт багассан тул малчдын гар дээр бэлэн мөнгө хомсдож, орон нутгийн захиргааны байгууллагуудад төсөв хязгаарлагдмал байгаа энэ цаг үед сэтгэл гарган тусалсан НҮБ-ын Хүмүүнлэгийн багт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Мөн ирэх 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизуторитай өнгөрсөн оны 11 дүгээр сард Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн асуудлаар сайд нарын III уулзалтын үеэр Брисбанд ярилцсан 4 саналыг уг уулзалтын үеэр үргэлжлүүлэн ярилцах бодолтой байна.
Тухайлбал, Монгол Улсад Бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төвтэй болох, хамтарсан баг байгуулж, олон улсын туршлага солилцох баазтай болох зэрэг асуудлыг дахин хэлэлцэх саналтай байгааг уулзалтын үеэр онцолсон байна.