ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 6 /France24/. Ерөнхий сайдаар Мишель Барньег томилох шийдвэрийг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гарагт гаргасан тухай ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлжээ. М.Барнье Их Британи улс Европын Холбооноос /ЕХ/ гарах асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож байсан юм.
Орчин үеийн Францын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхий сайд болж буй 73 настай М.Барнье “улс орныхоо төлөө хүчин зүтгэх нэгдсэн засгийн газар байгуулах үүрэг хүлээлээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
М.Барнье пүрэв гарагт “Hôtel de Matignon” зочид буудалд болсон ёслолын үеэр францчуудын “уур хилэн, гомдлыг” арилгахаа амлажээ. Гэнэт зарласан ээлжит бус сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй тул хоёр сар орчмын турш улс төрийн мухардмал байдал үүссэний эцэст М.Барнье уг албан тушаалд томилогдож байна.
М.Барнье Европын комиссар, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Хожим нь тэрбээр Европын Комисс, Их Британийн харилцааг хариуцан ажиллаж байсан бөгөөд "Брексит"-ийн асуудлаар хэлэлцээ хийж байсан юм.
Франц улс 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор долоо, наймдугаар сард олон сая жуулчныг хүлээн авах байсан тул тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг Э.Макрон сонгуулийн дараа албан тушаалаасаа огцорсон Ерөнхий сайд Габриэль Атталиас хүсээд байлаа.
Францын шинээр томилогдсон Ерөнхий сайд М.Барнье пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, олон сар үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлын улмаас улс төрийн хувьд хуваагдсан улс оронд илүү хүндэтгэл, эв нэгдлийг бий болгохын төлөө холбогдох хүмүүстэй хамтран ажиллахаа амлажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!