Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег энэ оны 11 дүгээр сарын 07-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг манай “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.
Мөн 2025 онд тохиох Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд А.Готсурве Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эдийн засаг, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа онцлов.
Талууд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр болон Монгол, Энэтхэгийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!