Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 14-ны хуралдаанаас менежментийн тогтолцоо ISO9001:2015; ISO22000:2018; CAC/RCP1:1969 rev.4-2003 стандартын шаардлагын дагуу хэрэгжсэнийг баталгаажуулсан гэрчилгээг шинээр 4 байгууллагад олгох, 2 байгууллагад олгосон гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.
Энэ дагуу “Жэй Эйч Жэй Мандухай” ХХК, “Дунюань ХАА” ХХК, “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, “Нүхт тур” ХХК, “Мера” ХХК гэрчилгээгээ гардан авлаа.
Өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 300 гаруй байгууллага менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлж, СХЗГ-аас гэрчилгээжсэн байгаа бөгөөд энэ эгнээг хүнсний салбар, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн салбар, төрийн байгууллага тэлж гэрчилгээжиж байгаад Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг талархал илэрхийллээ.
Стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн зөвшөөрөх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах арга хэрэгсэл болохыг цохон тэмдэглэхийн зэрэгцээ стандартчилал, хэмжилзүй, тохирлын үнэлгээг хөгжүүлэх, чадавхижуулах чиглэлээр боловсруулж буй төрөөс баримтлах бодлого, “Стандарт ба хөгжил” хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг хүслээ.