Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улс даяар Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг болсон.
Хүний эрхийн дээд комиссарын газраас 2024 оны хүний эрхийн өдрийг “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд хүний эрх хэрхэн эерэг өөрчлөлтөд хүрэхэд урьдчилан сэргийлэх, хамгаалах, өөрчлөх зэрэг нь чухал хүч болж, шийдэлд хүрэх зам болохыг онцолж байна.
1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, нийгмийн зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байжээ. Улмаар 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн комиссыг байгуулж, анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна.
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан байдаг. Энэ тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан бий. “Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.
Эх сурвалж МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!