Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үедээ санаачлан, 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд бэлтгэгдсэн эрдэмтэн судлаач, инженерүүдтэй 2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр уулзалт хийлээ.
Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилготой тус төсөл Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг бөгөөд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилготойгоор 12 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Энэ удаа Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Төслийн санхүүжилтээр Япон Улсын их сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгссөн залуу эрдэмтэн судлаачдын төлөөллүүдийг хүлээн авч, засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүд болон шинжлэх ухааны салбарын талаар мэдээлэл солилцлоо.
Дашрамд дурьдахад, тус төсөл хэрэгжих хугацаанд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Магистр, Доктор, Зэргийн бус /богино хугацааны/ сургалтад нийт 1200 гаруй оюутан, судлаач багш нарыг хамруулан, төслийн ерөнхий үйл ажиллагааны хэрэгжилт 94,8 хувьтай явагдаж байна.
Уулзалтад Тэргүүн шадар сайдын ажлын албаны дарга Б.Энхжин, Сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх Ж.Соёл-Эрдэнэ, Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Баярхүү, "Инженер технологийн дээд боловсрол" төсөл зохицуулагч Д.Намсрай болон холбогдох бусад албаны төлөөлөл 1000 инженерийн 20 төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!