ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 29 /CNN/. АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) тэргүүлж буй Илон Маск X нийгмийн сүлжээгээ хиймэл оюуныг хөгжүүлэгч өөрийн эзэмшлийн xAI компанид 45 тэрбум ам.доллароор худалдсан тухайгаа мэдэгджээ.
Гэрээнээс үзэхэд, X-ийн үнэлгээ 33 тэрбум ам.доллар байгаа нь 2022 онд тус сүлжээг худалдаж авсан мөнгөн дүнгээс хамаагүй бага байгаа юм.
И.Маскийн хэлснээр, хэлцлийг хувьцаа солилцох замаар хийсэн бөгөөд өрийг тооцсоноор Х-ийг худалдах өртөг 45 тэрбум ам.доллар болжээ. Харин xAI компани 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бололтой.
Энэхүү худалдан авалт нь xAI, X-ийг нэгтгэх шинэ боломжуудыг нээнэ гэж И.Маск мэдэгдсэн байна.
"xAI болон X-ийн ирээдүй хоорондоо харилцан шүтэлцээтэй. Өнөөдөр бид өгөгдлүүд, загварууд, тооцоолон бодох хүчин чадал, мөн хуваарилалт, мэргэжилтнүүдийг нэгтгэх алхмыг албан ёсоор хийж байна. xAI-ийн хиймэл оюуны салбарт гаргаж буй ололт амжилтуудыг X платформтой нэгтгэснээр асар их бололцоо нээгдэнэ" хэмээн тэрбээр онцлоод "нэгдсэн платформ нь илүү ухаалаг, илүү чухал хандлагыг бий болгоно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!