БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /BBC/. Хятад улс "Шэнжөү-20" сансрын хөлгийг тойрог замын “Тяньгун” станц руугаа хөөргөж, 2030 он гэхэд Сар руу жолоодлогот нислэг үйлдэх томоохон зорилгодоо хүрэх замд дахин нэг алхмыг хийлээ.
Уг хөлгийг Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас Бээжингийн цагаар 17:17 цагт “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөжээ.
Хөлгийн багийнхан тойрог замд зургаа орчим сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд Саран дээр байнгын бааз байгуулах зорилгоор хийж буй шинжлэх ухааны туршилтуудыг үргэлжлүүлнэ.
Энэхүү хөлгийн даргаар өдгөө 46 настай, сөнөөгч онгоцны нисгэгч асан Чэнь Дун ажиллаж байна. Тэрбээр 2022 онд тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын анхны сансрын нисэгч болсон юм.
Чэньтэй хамт хоёр сансрын нисгэгч ниссэн бөгөөд тэдний нэг нь 40 настай, Агаарын цэргийн хүчний нисгэгчээр ажиллаж байсан Чэнь Жунруй, нөгөө нь 35 настай, сансрын техникийн инженерээр ажилласан байсан Ван Зе юм. Тэдний хувьд сансарт анх удаа нисэж байгаа ажээ.
Хятадын тойрог замын станцад одоо сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн болон тус улсын анхны эмэгтэй сансрын нисгэгч Ван Хаозэ нар ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд "Шэнжөү-19" сансрын хөлгөөр тойрог замын лабораторид иржээ.
Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын орлогч дарга Линь Сицяны мэдээлснээр, "Шэнжөү-20" хөлөг тойрог замд гарсныхаа дараа станцын гол модультай 6 цаг хагасын дараа залгагдана. Хөлгийн багийн ээлж солилцсоны дараа "Шэнжөү-19" хөлгийн багийнхан дөрөвдүгээр сарын 29-нд эх дэлхийдээ эргэн ирнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!