Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ төрийн үйлчилгээний цахим сангуудыг нэгтгэсэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “E-Business.mn” платформыг хөгжүүлнэ.
Энэ ажлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хариуцан дэд ажлын хэсгийг ахалж ажиллана. “E-Business.mn” нь, гадаад худалдааны нэг цонх бодлогыг хэрэгжүүлж, Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн бүх үйлчилгээг нэгтгэх зорилготой аж.
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын ахалж буй “Экспортыг нэмж, худалдааг дэмжих” ажлын хэсэг бизнесийн орчныг сайруулахын тулд төрийн зөвшөөрөл олгох, бусад үйл ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа. Хуулиас давсан журмуудыг цуцлах, зөвшөөрөл олгох үйл явцыг цахимд шилжүүлэх хүрээнд 59 журмыг цуцлаад байгаа. Зөвшөөрлийн нэгдсэн license.mn сангийн 371 зөвшөөрлөөс 321-ийг нь цахимаар авах боломжтой болсон. Экспортыг дэмжих ажлын хэсэг гаалийн хяналтын журмыг өөрчилснөөр гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд шаарддаг 24 байгууллагын 70 орчим зөвшөөрлийг мөн цахим системд оруулжээ.
Ингэснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэн аж ахуйн нэгжээс нотариатаар батлуулж ирэхийг шаардахгүй зэрэг олон давуу тал бий болж байна. Харин зөвшөөрлийн нэгдсэн санд холбогдсон ч үйл ажиллагаа нь жигдэрч, цахим зөвшөөрөл олгохгүй байгаа яам, төрийн байгууллагуудад Тэргүүн шадар сайд хугацаатай үүрэг өгч, шаардлага хүргүүлэхээр боллоо.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!