БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /Kazinform/. Торийн түлшийг цөмийн задрах урвалд ашиглах уран болгон хувиргаж чадсан анхны улс нь Хятад болсон тухай “China Daily” сонинд мэдээлжээ.
Хятадын ШУА-ийн хэрэглээний физикийн Шанхайн хүрээлэнгийн судлаачид реактор дахь торий-232-аас уран-233 руу нуклидуудыг хувиргах гинжин хэлхээг амжилттай бий болгосныг баталсан протактиниум-233-ийн физикийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг олж авчээ.
Туршилтыг Гансү мужийн Минчин хошууны Хуншаган аж үйлдвэрийн цогцолборт байрлах хоёр мегаваттын хүчин чадалтай хайлсан давсны дулаан шингэн түлшний реакторт хийжээ.
Хятадад атомын эрчим хүчний шинэ хүчин чадлууд байнга нэмэгдсээр байгаа боловч импортын уранаас хамааралтай байдгаас шалтгаалан тогтвортой хөгжиж чадахгүй хэвээр байна гэж Шанхайн хэрэглээний физикийн хүрээлэнгийн дэд захирал Чай Сянжөү ярилаа.
Хятад нь торийн их хэмжээний нөөцтэй тул торийн түлш нь ураны ирээдүйтэй хувилбар гэж үзэж байгааг тус хүрээлэнгийн захирал Дай Жимин онцоллоо.
Тэрбээр нэмж хэлэхдээ, “Торийн түлшээр ажилладаг реакторууд хагас задралд ордог цацраг идэвхт хаягдлыг бага хэмжээгээр үүсгэдэг тул түүнийг дахин боловсруулахад хялбар, мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах систем, устөрөгчийн үйлдвэрлэл, нүүрс, нефть, байгалийн хийг химийн аргаар боловсруулах технологитой хослуулан хэрэглэх боломжтой” гэжээ.
Мэргэжилтнүүдийн онцлон хэлснээр, энэхүү ололт нь торийн түлшний мөчлөг нь техникийн хувьд хэрэгжих боломжтойг баталгаажуулж, хайлсан давсны реакторын судалгаанд эзэлж буй Хятадын тэргүүлэх байр суурийг бэхжүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!