Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо чухал. Цагдаагийн байгууллага хүн төвтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээг зорилт болгож, цагдаа, олон нийтийн харилцаа, ойлголт, хандлагыг шинэ шатанд гаргах цаг болсон" хэмээн онцоллоо.
"Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инновац, дата өгөгдөл, дэвшилтэт технологийг ашиглаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн шинэчлэгдэх хэрэгтэй. Энэ нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэрэг илрүүлэх нэг хэрэг. Харин хохирсон хүний хохирлыг барагдуулах нь хүн төвтэй үйлчилгээнд хүрэх чухал алхам. Тиймээс гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулдаг байхад чиглэсэн эрх зүйн болон тогтолцооны шинэчлэл хийх нь энэ салбарын чухал зорилт байх ёстой"-г Ерөнхий сайд санууллаа.
Мөн тэрбээр Засгийн газраас онцгойлон анхаарч буй хар тамхитай тэмцэх ажилд цагдаагийн байгууллага үр дүнтэй ажиллаж буйд талархал илэрхийлээд, энэ чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялын бодлогыг чангалж эрх зүйн орчныг сайжруулах ажилд цаг алдаж болохгүйг онцоллоо. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх нь салбарын анхаарах асуудал болсон. Тухайлбал, 2024 оны байдлаар 485 алба хаагч өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна. Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах, цалин урамшууллын тогтолцоог сайжруулах, оновчтой болгох, бүтээмжтэй уялдуулахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!