Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Цахим хөгжил харилцаа, холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллалаа.
Монгол Улсын Их хурлаар 2021 онд батлагдаж 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хууль, 2022-2023 оны заагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Кибер аюулгүй байдлын Үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэхэд шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжуудыг судлах, яам, агентлаг, командлалын түвшинд хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг тогтоох зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажилласан юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Цахим хөгжил харилцаа, холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын үйл ажиллагаа, хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.