Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Японы жүдоч Косүкэ Машияама Монголын шигшээд барилдахаар болжээ.
Өдгөө 27 настай япон эр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилддаг. Бүх Японы дүрэмд тухайн тамирчин өөр улсын нэр дээр барилдахын тулд гурван жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байхаар тусгасан. Энэ дүрмээр Косүкэ Машияама 2027 оны дөрөвдүгээр сараас Монголын нэр дээр олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс энэ жилийн тухайд ДАШТ-д манай улсын нэрийн өмнөөс барилдах боломжгүй ажээ. Косүкэ Машияама нь иргэншлээ сольсон Японы анхны жүдоч болж байгаа юм.
Judo cam нэртэй цахим хуудсанд “Тийм ээ, Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма одооноос Монголын шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр Ази болон Японы аварга, мөн Баку, Токиогийн Grand Slam тэмцээний аварга юм. Энэ нь анхны тохиолдол биш. Машиямагаас өмнө Кайхан Такаги мөн Японы шигшээ багаас гарч байсан. Гэхдээ Японы жүдо бөхийн сүүлийн үеийн түүхэнд ийм шилжилт хөдөлгөөн цаашдаа шинэ тамирчдыг өөр улсын шигшээ багт нэгдэхэд хүргэж магадгүй. Учир нь аль ч улсын шигшээ баг Японы шилдэг тамирчныг өөрийн бүрэлдэхүүндээ авахыг хүсэх нь ойлгомжтой. Эндээс харахад жүдо бөхийг үндэслэгчдийн тогтоосон сэтгэлгээ, зарчим өмнөх шигээ хатуу биш болсон бололтой” гэж мэдээлжээ
Косүкэ Машияма 2021 оны Бакугийн “Их дуулга”, 2022 оны Токиогийн “Их дуулга”-д түрүүлж байсан юм. Түүнчлэн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв. Хамгийн сүүлд 2024 онд Хонконгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээсээ хойш татамид гараагүй тэрбээр өдгөө Монголд бэлтгэлээ хийж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!