Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, тус улсын Төрийн аюулгүй байдлын алба хамтран Монгол Улсын хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх арга ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим гэмт хэрэг мөрдөх арга, ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаа энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын албаны мөрдөх ажил хариуцсан атташе Роберт Гуденкауф, АНУ-ын Төрийн аюулгүй байдлын албаны Олон улсын хөтөлбөр хариуцсан газрын ахлах тусгай төлөөлөгч Кристофер МакКоли болон сургалтад хамрагдаж буй суралцагчид оролцлоо.
“Цахим гэмт хэрэг мөрдөх арга, ажиллагаа” сургалтад цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.