Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбудын санаачилгаар бүх насныханд зориулсан “Lala Land” медиа арт, энтертайнмент, драм балетын бүжгэн жүжиг өнгөрсөн зун манай улсад тоглогдсон.
Энэхүү тоглолт Монголд төдийгүй дэлхийн балетын түүхэнд цоо шинэ хуудас нээж, үзсэн хүн бүхнээс өндөр үнэлгээ авсан бөгөөд энэ сарын 13, 14-нд дахин тоглогдох гэж байна.
Тус тоглолтыг Оскарын шагналт “Lala Land” киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “Lala Land” киноны хөгжмүүдийг албан ёсны эрхтэйгээр тоглуулж, хөгжмийн найруулгыг нь шинэчилж, бүжгийн найруулга, дэглэлт шинээр тавьж, балетын урлагийг медиа арт, холограм, драмтай хослуулан, энтертайнмент балет хэлбэрээр тайзнаа амилуулж байгаагаараа томоохон онцлогтой юм. Мөн БНСУ-аас балетын тэргүүн гоцлоочид ирж, Монголын шилдэг балетын жүжигчидтай хамтран тоглох юм байна.
Тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа “Элит балет” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч бүжиг дэглээч Ц.Цолмонбуд Монгол, Япон, БНСУ-д тэргүүн гоцлоочоор ажиллаж байсан юм.
Ташрамд сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард “Steppe Arena” буюу “Мөсөн өргөө” спорт цогцолборт гурван өдөр “Шелкунчик ба гайхамшгийн орон” дэлхийн алдарт сонгодог балетыг технологийн дэвшил, медиа арт урлагтай хослуулан тайзнаа амилуулж, 4000 гаруй үзэгчид толилуулсан билээ.