Улсын хэмжээнд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувиар буурсан байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 38 гэр, (сууц) 47 хашаа (саравч), 5 автомашин, 3273 мал, ойн 3396 га, хээрийн 322583.2 га, нийт 325978.2 га талбай өртөөд байна.
Өнөөдрийн байдлаар: Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-аас МУ-ын хил давч орж ирсэн түймрийг унтраахаар 6 дугаар сарын 12-ны өдөр ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ҮАБ-ын 21 алба хаагч уг ойн түймэр нь бартаа саад ихтэй автомашин техник, мориор хүрэлцэн очих боломжгүй тул Зэвсэгт Хүчний нисдэг тэргээр хүрэлцэн очиж унтраахаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант баг ”Гучин тавын-Ам” гэдэг газар 06 дугаар сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.