Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-нд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүндэт зочны хувиар уригдан оролцлоо.
Форумд ЕЭАЗХ-ны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар оролцож, технологийн үзэсгэлэн үзэж танилцаж, улс бүрийн технологийн салбар дахь амжилт, ололт, туршлагын талаар илтгэлүүдийг дугуй ширээний уулзалтаар танилцуулсан юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инноваци, агаар-сансарын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар харилцан ярилцсан бөгөөд дараагийн шатны уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ярилцаж тохирлоо.
Түүнчлэн Алматы хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол өгч буй скүүтер түрээсийн компаниудын тэргүүлэгч “Jet” компаний захирал Серик Успановтай уулзаж, тус компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх, цаг агаарын ижил нөхцөлтэй Астана хотод хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгийн талаар ярилцаж, технологийн дэвшлийг ашиглаж түгжрэлийг бууруулах талаар холбогдох байгууллагатай холбож дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.