Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа 2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар Их дуулга-2023” цуврал тэмцээн өнөөдөр "Степпе арена"-д эхэллээ.
Энэхүү "Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээний эхний өдөр -60, -66, -48, -52, 57 кг-ын жинд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багаас жин тус бүрд 4 тамирчин хүч, ур чадвараа сорьж байгаа.
"Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээнд Монголын багийн салхийг ОУХМ Бямбажавын Цогт-Очир хагалж, Германы Мориц Флапкайг үндсэн цаг өндөрлөхөөс 33 секундын өмнө тохох мэхээр цэвэр яллаа.
Дархан-Уул аймгийн тамирчин Казирбекийн Ёолк 60 кг-д Хонконгийн Лай Юү Лонгийг эхний тойрогт ялж, 1/8 шигшээд БНСУ-ын Жеон Сеонбумтай барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын дэлхийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ Хорватын Ана Виктория Пульжизийг хоёр вазари үнэлгээр яллаа. Тэрбээр хоёрын даваандаа тэмцээний чансааг тэргүүлэгч энэ оны дэлхийн дэд аварга Узбекистаны Диёора Кельдёроватай барилдана.
Харин 66 кг-д өнгөрсөн оны аварга Алдар спорт хороо, Хангай канстракшны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хоёрдугаар тойрогтоо ДАШТ-ий хошой 5 дугаар байрт Кыргызстаны Кубаничбек Айбек Уулуг яллаа.
ДАШТ-ий хошой хүрэл медальт Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг жинд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Казахстаны Гусман Кыргызбаевыг ялж шилдэг наймд шалгарлаа. Түүнтэй А хэсгийн аваргын төлөө Азербайжаны Яшар Нажапов барилдана.