Стандарт, хэмжил зүйн газраас MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг 2022 онд шинэчлэн баталсан байдаг.
Гудамж зам талбай, албан болон үйлчилгээний байгууллагуудын хаягжилт нь тухайн байгууллагыг тодорхойлоод зогсохгүй, хотын өнгө үзэмжид нөлөөлж байдаг. Сүүлийн жилүүдэд уламжлалт босоо монгол бичгийг хувь хүмүүс болон албан байгууллагууд хаягжилтдаа нэвтрүүлэх нь нэмэгдэж байгаа юм. Иймд MNS 5283:2022 стандартыг шинэчлэн батлах шаардлага зүй ёсоор гарч, хаягжилтад кирилл болон үндэсний бичгийн хэрэглээг хослуулан хэрэглэх стандарттай болсон байна.
Монгол хэлний тухай хуулийн 17.1.2-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар бичиж хэвших нь зүйтэй гэж заасан байдаг.
Мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III–ийн 3.1.13. албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэхэд нийцүүлэн стандартыг шинэчлэн баталсан.
Тус стандартын дагуу гудамж, зам, талбай, түүх соёлын дурсгалт газар, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэг, хаягийн зурган самбар болон төрийн байгууллагын хаягийн самбарыг нэг загвараар үйлдвэрлэх, байрлуулах, нэгдсэн загвар, аргачлалыг ашиглах нь зүйтэй юм.
Үүнээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлэх нь оновчтой юм.