Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын буюу Нагоя башё өнөөдөр эхэлж /2023.07.09/, энэ өдрийн барилдаанд 73 дахь Их Аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Абитай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж эхний давааг авлаа.
Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн энэ өдөр Нишикиги /М-1/-тэй учраа тааран барилдах байсан боловч бэлтгэл дээр гэмтэл авч энэ башёг өнжихөөр болсон байна.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-1/-тэй учраа таарч барилдан, түүнийг ошитаоши мэхээр хаяснаар башёг даваагаар эхлүүлэв.
Нагоя башёгийн эхний өдөр Хокүсэйхо А.Даваанинж/М-11/, Оношо /М-05/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр төвөггүй давснаар башёг даваагаар эхлүүллээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Саданоүми /М-8/-тэй таарч барилдан, түүнийг цүкиотоши мэхээр давлаа.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, эхний өдөр Цүрүгишёо /М-11/-тэй хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж Нагоя башёг даваагаар эхлүүллээ.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, өнөөдөр шинээр Макүүчид дэвшин барилдаж буй Шонанноүми /М-14/-тэй учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр унаад байна.
Ташрамд дуулгахад, Домогт Их аварга Хакүхогийн дэвжээний шавь 20 настай Хакүохо дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа бөгөөд Аойяама /М-17/-г ёрикири мэхээр хаяж, Макүүчид анхны даваагаа авлаа.