Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10.00 цагт зохион байгуулагдана гэж БШУЯ-наас мэдээллээ.