Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 21-ий буюу Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн нар хоорондоо таарч барилдан, Хошёорюү түүнийг ёрикири мэхээр давснаар 10 даваа 3 унаатай болсон бол Киришима 5 унаа, 6 даваатай /6-4-5-2/ болоод байна.
Энэ башёг 2 унаатай тэргүүлж явсан Нишигики /М-1/, Макүүчид анх удаа хүч үзэж байгаа 19 настай Хакүохо /М-17/-той таарч барилдан түүнд учигаке мэхээр ойчиж тэд адил 10 даваа, 3 унаатай болоод байна.
Ийнхүү өнөөдрийн байдлаар Хокүтофүжи /М-9/ 11 даваа, 2 унаатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж явна.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Мёогирюү /М-10/-той учраа тааран хүч үзэж, түүнийг хикиотоши мэхээр хаяж 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Мөн энэ өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-6/, Котошёохо /М-13/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болоод байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Такарафүжи /М-15/-тай хүч үзэж түүнд ёритаоши мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай боллоо.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Саданоүми /М-8/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.